News
МСМ Групп Ханбогд суманд шинэ салбараа нээж, бүс нутгийн хөгжлийг дэмжиж байна
МСМ Групп Өмнөговь аймгийн Ханбогд суманд шинэ салбараа албан ёсоор нээлээ. Энэхүү үйл ажиллагаагаа орон нутагт тэлж буй нь түнш, харилцагчдадаа илүү ойртож, Монгол Улсын өмнөд бүс нутгийн гол төвд илүү хурдан, хүртээмжтэй, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх стратегийн чухал алхам болж байна.
Ханбогд сум нь Монгол Улсын эдийн засгийн хамгийн идэвхтэй бүсэд тооцогддог стратегийн онцгой ач холбогдолтой бүс нутаг юм. Улаанбаатар хотоос 700 орчим км, аймгийн төвөөс 250 км зайд орших тус сум нь Оюу Толгой зэрэг стратегийн томоохон төслүүдийн нөлөөгөөр хурдацтай хөгжиж буй бүс нутгийн төв юм. Сумын төвөөс 40 орчим км-т байрлах Оюу Толгой уурхай нь дэлхийн хэмжээний зэс, алтны ордуудын нэг бөгөөд бүс нутгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч болж байна.
Уул уурхай болон дагалдах салбарын өсөлтийг даган Ханбогд сумын хүн ам тогтвортой өсөж, ялангуяа залуу, хөдөлмөрийн насны иргэд олноор суурьших болсон нь эдийн засгийн идэвхжил нэмэгдэж буйн илрэл юм. Өмнөговь аймгийн хэмжээнд хүн амын өсөлт хамгийн өндөр сумдын нэг бөгөөд 2024 оны байдлаар 8,300 гаруй хүн амтай болж, бүс нутгийн эдийн засгийн чухал төв болон өргөжиж байна.
Уул уурхайн ач холбогдлоос гадна Ханбогд сум нь түүх, соёлын арвин өвтэй. Догшин ноён хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан Дэмчогийн хийд оршдог бөгөөд бөгөөд сүсэгтэн олон, жуулчдын очих дуртай газруудын нэг юм. Мөн 2013 онд ашиглалтад орсон Ханбумбат нисэх буудал нь тус сумыг Улаанбаатар хоттой шууд холбож, дэд бүтэц, стратегийн хүртээмжийг улам нэмэгдүүлж байна.
Шинээр нээгдсэн МСМ Группийн салбар нь компанийн олон талт үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн үйлчилгээний төв бөгөөд бүс нутгийн харилцагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээний өргөн сонголтыг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байна.
МСМ Автомотивийн үзэсгэлэнгийн танхим болон МСМ Индастриалын тоног төхөөрөмжийн хэсэг, бүрэн тоноглогдсон засвар үйлчилгээний төв, МСМ Бетастар Шингэн хүнсний дэлгүүр болон “ProShack” тоног төхөөрөмжийн дэлгүүр зэргийг нэг дор төвлөрүүлснээр харилцагчдад илүү хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх юм.
Мөн SGT болон МСМ Индастриалын агуулахын үйл ажиллагааг төвлөрүүлснээр сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг цаг алдалгүй нийлүүлэх, техникийн дэмжлэгийг газар дээр нь шуурхай үзүүлэх боломж бүрдлээ. Энэ нь Өмнөговь аймгийн уул уурхай, барилга, дэд бүтцийн томоохон төслүүдийг дэмжих, сул зогсолтыг багасгах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
МСМ Группийн Ханбогд сум дахь салбарын нээлт нь бүс нутгийн болон хөдөөгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн чухал алхам юм. Орон нутагт ажлын байр бий болгох, чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн үйлчилгээг хүргэснээр эдийн засгийн урт хугацааны өсөлтөд хувь нэмэр оруулж, орон нутгийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлж байна. Мөн нийслэлээс хамаарах хамаарлыг бууруулж, бүс нутгийн эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжиж байна.
МСМ Групп нь цаашид ч Монгол Улсын хэмжээнд харилцагч түншүүддээ дэлхийн жишигт нийцсэн чанартай бүтээгдэхүүн, урт хугацааны найдвартай түншлэлийг хүргэхийн зэрэгцээ улс орны тогтвортой хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах болно.