News
МСМ Групп ЕСБХБ-ны “Entrepreneurship and Private Enterprise Champion” шагналыг хүртлээ
МСМ Групп нь Монгол Улс дахь хувийн хэвшлийн хөгжил болон бизнес эрхлэлтийг дэмжихэд оруулж буй хувь нэмрээ үнэлүүлэн Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны “Entrepreneurship and Private Enterprise Champion” шагналыг хүртлээ.
Тус шагналыг ЕСБХБ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ойн хүрээнд гардуулсан бөгөөд энэхүү 20 жилийн турш үндэсний бизнесүүд, хөрөнгө оруулалт, инновац болон тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжин ажиллаж байна.
МСМ Групп нь 2008 оноос хойш EБСХБ-тай хамтран ажиллаж буй бөгөөд компанийн өсөлтийг бэхжүүлэх болон Монгол Улсын олборлолтын бус салбаруудыг дэмжихэд чиглэсэн урт хугацааны түншлэлийг бий болгожээ.
Өнөөдөр МСМ Групп нь Монголын автомотив, индастриал болон шингэн хүнсний салбаруудад олон улсад танигдсан брэндүүдийг төлөөлөн ажиллахын зэрэгцээ ажлын байр бий болгох, дотоодын чадавхыг дээшлүүлэх, мөн олборлох бус салбарын төрөлжсөн бизнесийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна.
Энэхүү шагнал нь ЕСБХБ-ны Монгол дахь 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцгой ач холбогдолтой. Өнгөрсөн 20 жилийн турш тус банк Монголд 172 төслөөр дамжуулан 3.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгосноос ихэнх хэсэг нь хувийн хэвшилд чиглэсэн байдаг.
МСМ Группийн хувьд энэхүү шагнал нь Монгол Улсад илүү хүчирхэг, олон талт хувийн хэвшлийг бүтээхийн төлөөх компанийн урт хугацааны зорилт, хичээл зүтгэлийн үнэлгээ юм. МСМ Групп нь хүний нөөц, дэд бүтэц, технологи болон олон улсын түншлэлдээ үргэлжлүүлэн хөрөнгө оруулснаар бизнесийн тогтвортой өсөлтийг бий болгож, Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.