News
Монголын шингэн хүнсний зах зээлд асар их боломж бий: Шингэн хүнс хариуцсан Дэд ерөнхийлөгч Жанелл Кох-той хийсэн ярилцлагыг хүргэж байна
МСМ Группийн Шингэн хүнс хариуцсан Дэд ерөнхийлөгч Жаннел Кох-той Монголын шингэн хүнсний салбарын хөгжлийн шинэ шат, брэндийн урт хугацааны үнэ цэн, хэрэглээний шинэ соёл болон олон улсын туршлагыг дотоодын зах зээлийн онцлогт тохируулан бизнесийн дараагийн өсөлтийг хэрхэн тодорхойлж буй талаар ярилцлаа.
– Та саяхан Сингапураас Монголд ирж, Шингэн хүнсний салбарын Дэд Ерөнхийлөгчийг албан тушаалыг хүлээн авсан. Энэ шилжилтийг хийхэд тань юу нөлөөлсөн бэ? Монголын зах зээл яагаад таны сонирхлыг татсан бэ?
Миний хувьд гадаад улсад ажиллаж, амьдрах нь үргэлж хүсэж ирсэн зүйл. Зөвхөн өөр улсад ажиллах бус, тухайн орны соёлыг мэдэж, хүмүүсийг ойлгож, зах зээлийг нь хэрхэн ажилладгийг дотроос нь мэдрэх боломжийг хүсэж байсан.
Өмнө нь би Зүүн Өмнөд Азийн зах зээлийг бүс нутгийн хэмжээнд хариуцан ажилладаг байв. Энэ нь олон төрлийн зах зээлтэй танилцах, туршлага хуримтлуулах боломж олгосон ч ихэнхдээ бизнесийн уулзалтаар тухайн улс руу ирж очин дистрибьютерүүдээр л дамжуулан ажилладаг байлаа. Ингэж ажиллахад мэдээж их зүйл сурна. Гэхдээ тухайн зах зээлд өөрөө амьдарч, харилцагчид болон хэрэглэгчдэдээ ойр байж, өдөр тутмын боломж, бэрхшээлийг нь ойлгохоос ихээхэн ялгаатай.
Тиймээс Монголд ажиллах боломж надад сонирхолтой санагдсан. Монголын зах зээл, тэр дундаа шингэн хүнсний салбар одоогоор хөгжиж, хувьсан өөрчлөгдөж байгаа үе шатандаа байна. Шинэ санаа, шинэ концепц, шинэ брэндүүдийг нэвтрүүлэх, хэрэглэгчдийн чиг хандлагыг дагахаас илүүтэйгээр өөрсдөө тодорхойлох, хөгжүүлэх асар их боломж бий.
Миний хувьд Монголд амьдарч, бизнесийг газар дээр нь хөгжүүлэн, зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болох боломж нь маш сонирхолтой бас сорилт байсан. Тиймээс энэ боломжийг заавал туршиж үзэхийг хүссэн.
– Одоогийн таны гол зорилго, үүрэг тань юу байгаа вэ? Юуг бий болгож, өөрчлөхөөр зорьж байна вэ?
Миний гол зорилго бол Монгол дахь шингэн хүнсний бизнесийг дараагийн өсөлтийн шатанд гаргах явдал. Бидэнд олон улсад танигдсан, хүчирхэг брэндүүдээс бүрдсэн сайн бүтээгдэхүүнүүд хэдийнээ бий. Тиймээс эдгээр брэндийг Монголын зах зээл дэх бүрэн танигдах боломжийг нээхийн тулд зөв стратеги, бүтэц, чадавхыг бүрдүүлэхэд голлон анхаарч байна.
Үүний нэг чухал хэсэг нь бизнесийн суурь үйл ажиллагааг улам бэхжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, зөв брэндийг зөв сувгаар хүргэх, түгээлт болон хэрэглээг сайжруулах, харилцагчид болон брэнд эзэмшигчидтэй илүү хүчтэй түншлэл бий болгох, мөн зах зээлээ сайн ойлгодог, арилжааны сэтгэлгээтэй багийг хөгжүүлэхийг зорьж байна.
Үүний зэрэгцээ бид зах зээлийн өсөлтийг маш сайн тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байгаа. Монголын зах зээл одоо ч хөгжиж, өөрчлөгдөж байгаа учраас аль хэдийн бий болсон чиг хандлагыг дагахаас илүүтэйгээр хэрэглээний шинэ соёл, шинэ туршлага, шинэ чиг хандлагыг бий болгох боломж бидэнд байна.
Эцэст нь би зөвхөн борлуулалтын хувьд өсөж буй бус, Монголын хэрэглэгчид, харилцагчид болон брэндийн түншүүдийнхээ хувьд хамгийн тэргүүлэгч, найдвартай ундааны бизнесийн түнш хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийг бий болгохыг хүсэж байна.
– Та Moët Hennessy, Diageo, DFI зэрэг компаниудад дарс, согтууруулах ундаа, шар айраг зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Энэ бүх туршлага тань Монголын зах зээлд хэрэгжүүлэх стратегид тань хэрхэн нөлөөлж байна вэ?
Moët Hennessy, Diageo болон DFI-д ажилласан туршлага маань надад шингэн хүнсний салбарыг маш өөр өөр өнцгөөс харах боломж олгосон. Би брэнд эзэмшигчийн талаас эхлээд арилжаа, жижиглэн худалдааны түвшин хүртэл, мөн дарс, согтууруулах ундаа, шар айраг зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнтэй ажиллаж үзсэн.
Дэлхийн хэмжээний брэнд эзэмшигчидтэй ажилласан туршлагаас би брэндийг урт хугацаанд хөгжүүлэх, хэрэглэгчээ гүнзгий ойлгох, брэндийн үнэ цэнийг хамгаалах нь ямар чухал болохыг сурсан. Харин DFI-д ажиллахдаа харилцагч болон жижиглэн худалдааны өнцгийг илүү гүнзгий ойлгосон. Худалдан авагчид хэрхэн шийдвэр гаргадаг, дэлгүүрийн түвшинд борлуулалтын гүйцэтгэлийг юу тодорхойлдог, хамгийн гол нь сайн боловсруулсан брэндийн стратегийг бодит борлуулалт болгон хувиргахын тулд юу шаардлагатайг илүү сайн ойлгож авсан.
Энэ хоёр талын туршлагыг хослуулбал Монголын зах зээлд үнэ цэнтэй гэж би бодож байна. Бид Сингапур эсвэл өөр хөгжсөн зах зээлд амжилттай хэрэгжсэн стратегийг шууд хуулбарлаад Монголд хэрэгжүүлэх боломжгүй. Монголын хэрэглэгч хэн бэ, тухайн ангилал хэр хөгжсөн бэ, хэрэглэгчийн худалдан авах чадвар ямар байна, борлуулалтын сувгууд ямар ялгаатай вэ, хүмүүсийн шингэн хүнс хэрэглэх хэв маяг хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.
Тиймээс миний арга барил бол карьерынхаа туршид хуримтлуулсан олон улсын стандарт, туршлагыг Монголын зах зээлийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх явдал. Миний хувьд энэ нь брэндүүдийг урт хугацаанд үнэ цэнтэйгээр хөгжүүлэхийн зэрэгцээ Монголын зах зээлийн бодит нөхцөл байдалтай үргэлж ойр ажиллах гэсэн үг.
– Та брэнд эзэмшигчийн талд, жижиглэн худалдааны талд ч ажиллаж байсан. Таны бодлоор Монголын шингэн хүнсний зах зээл өнөөдөр таны өмнө нь ажиллаж байсан бусад зах зээлтэй харьцуулахад ямар түвшинд байна вэ?
Миний харж байгаагаар Монголын шингэн хүнсний зах зээл маш сонирхолтой хөгжлийн үе шатандаа явж байна. Миний өмнө нь ажиллаж байсан Сингапур зэрэг илүү төлөвшсөн зах зээлтэй харьцуулахад Монголд энэ зах зээлийг цааш хөгжүүлэх асар их боломж байна. Энэ нь зөвхөн бүтээгдэхүүний ангиллын хөгжил төдийгүй хэрэглэгчийн мэдлэг, шингэн хүнсийг хэрэглэх шинэ нөхцөл, соёл, мөн худалдааны болон ресторан, бар зэрэг сувгийн нийт туршлагатай холбоотой.
Төлөвшсөн зах зээлүүдэд хэрэглэгчид асар олон сонголттой бөгөөд шинэ брэнд, шинэ чиг хандлагатай байнга танилцаж байдаг. Харин Монголд бид эдгээр шинэ чиг хандлагыг өөрсдөө бий болгож, зах зээлийг хөгжүүлэх боломжтой гэж харж байна. Монголын хэрэглэгчид улам ихийг сонирхож, сонголтдоо илүү мэдрэмжтэй болж байна. Олон улсын болон премиум ангиллын брэндүүдийг сонирхох хандлага ч нэмэгдэж байгаа. Гэхдээ хэрэглэгчдэд зөв мэдээлэл, ойлголт өгөх, бүтээгдэхүүнийг бодитоор мэдрүүлэх, тухайн ангиллын бүтээгдэхүүнд тохирсон зөв хэрэглээний орчныг бий болгоход бидэнд хийх зүйл их байна.
Надад бас нэг сонирхолтой санагддаг зүйл бол Монгол Улс бусад зах зээлийн хөгжлийн замыг заавал яг дагах шаардлагагүй. Бид дэлхийн чиг хандлагуудыг буюу тухайлбал премиум хэрэглээ, RTD төрлийн ундаа, коктейлийг тодорхой үйл явдал, нөхцөлд тулгуурласан хэрэглээ зэрэг чиглэлийг ажиглах хэрэгтэй. Монголын хэрэглэгчдэд аль нь үнэхээр тохирохыг өөрсдөө тодорхойлж болно. Дэлхийн хэмжээнд согтууруулах ундааны салбар тодорхой сорилтуудтай тулгарч байгаа хэдий ч RTD болон тодорхой хэрэглээний нөхцөлд чиглэсэн бүтээгдэхүүний эрэлт, ач холбогдол улам нэмэгдэж байна.
Тиймээс би Монголыг хөгжиж буй, асар их боломжтой зах зээл гэж хардаг. Чухам энэ нь л Монголын зах зээлийг сонирхолтой болгож байна. Бидэнд зөвхөн брэндүүдийн борлуулалтыг өсгөх бус, шинэ ангиллуудыг хөгжүүлж, хэрэглээний шинэ соёл, чиг хандлагыг бий болгож, бусдыг дагахын оронд өөрсдөө чиглэлийг нь тодорхойлох боломж байна.
– Таны бодлоор яг одоо Монголын шингэн хүнсний салбарын хамгийн том өсөлтийн боломж юу байна вэ?
Миний харж байгаагаар хамгийн том боломж нь шинэ ангиллуудыг хөгжүүлж, шингэн хүнсний хэрэглэх шинэ нөхцөл, шинэ хэрэглээг бий болгох явдал. Монголын ундааны зах зээл харьцангуй залуу бөгөөд одоо ч эрчимтэй хөгжиж байгаа учраас хэрэглэгчдэд шинэ брэнд, шинэ ангилал, ундааг хэрэглэх, таашаах шинэ хэлбэрүүдийг таниулах орон зай маш их байна.
Монголын хэрэглэгчид аялал, сошиал медиагаар дамжуулан олон улсын чиг хандлагатай улам бүр ойр танилцаж, шинэ зүйл туршиж үзэх сонирхол, хүсэл нь нэмэгдэж байна. Бидний хувьд боломж гэдэг нь зөвхөн премиум ангиллыг өсгөх тухай биш. Харин өөр өөр хэрэглээний нөхцөл, үнийн түвшинд тохирсон бүтээгдэхүүнээр портфолиогоо хэрэглэгчдэд илүү өргөн хүрээнд хүргэх явдал юм.
Ялангуяа RTD, дарс, премиум согтууруулах ундааны ангиллууд надад ихээхэн сонирхолтой санагддаг. Гэхдээ үүнээс ч илүү бидний боломж нь хэрэглэгчийн мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэхэд оршиж байна. Зүгээр л нэг шил ундааг тавиур дээр байрлуулах нь хангалтгүй. Бид тухайн бүтээгдэхүүнийг зөв хэрэглээний нөхцөл, зөв туршлагатай нь хамт бий болгох хэрэгтэй. Үүнд амталгаа, коктейль, хоолтой хослуулах туршлага, арга хэмжээ, мөн дэлгүүр болон ресторан, бар зэрэг сувгийн хэрэглэгчийн туршлагыг илүү сайжруулах зэрэг олон зүйл багтана.
Эцсийн дүндээ Монголын зах зээлд амжилттай байх компаниуд бол одоо байгаа хэрэглээг булаацалдаж өрсөлдөхөөс илүүтэйгээр зах зээлийг өөрсдөө хөгжүүлж чаддаг компаниуд байна гэж би бодож байна. Бидний хувьд хамгийн том боломж ч мөн энд оршиж байна.
– Дарс, премиум хатуулагтай шингэн хүнс, задгай шар айраг зэрэг тодорхой ангиллуудаас аль нь хөгжил бага байна вэ? Цаашид аль нь илүү эрчимтэй өсөх боломжтой гэж та харж байна вэ?
Ихээхэн боломжтой хэд хэдэн ангилал бий. Гэхдээ миний хувьд дарсны ангилал онцгой сонирхолтой санагддаг.
Илүү төлөвшсөн зах зээлүүдтэй харьцуулахад Монголд дарсны талаарх мэдлэг болон дарс хэрэглэх соёл, нөхцөл байдал одоо ч хөгжиж байна. Энэ нь зөвхөн илүү их дарс борлуулах бус, хэрэглэгчдэд мэдлэг, ойлголт өгөх том боломж гэсэн үг. Тухайлбал, усан үзмийн төрөл зүйл, дарсны бүс нутаг, ямар хоолтой хэрхэн хослуулах, ямар нөхцөлд ямар дарс тохирох талаар хэрэглэгчдэд таниулж болно.
Улаанбаатарын ресторан, хоолны болон амьдралын хэв маягийн соёл хөгжихийн хэрээр дарс болон шампанскийн сонирхол нэмэгдэж байгааг бид аль хэдийн харж байна шүү дээ.
– Премиум хэрэглээ, 0 градустай шар айраг, бусад ундааны дэлхийн чиг хандлагууд Монголын зах зээлд хэр нийцэх вэ? Мөн эдгээр чиг хандлага Монголд хэр хурдан нэвтэрнэ гэж та харж байна вэ?
Дэлхийн чиг хандлага Монголын зах зээлд мэдээж нөлөөлж байгаа. Гэхдээ Монголд эдгээр чиг хандлага илүү төлөвшсөн зах зээлүүдээс өөр хурдаар, өөр хэлбэрээр хөгжих болов уу гэж бодож байна.
Премиум хэрэглээ хэдийн бий болж эхэлсэн. Хэрэглэгчид юу ууж байгаагаа илүү сайн мэддэг, сонголтдоо илүү анхаардаг болж байна. Тэд өмнөхөөсөө бага давтамжаар ууж болох ч тодорхой онцгой нөхцөлд илүү чанартай бүтээгдэхүүнийг сонгоход бэлэн байна. Энэ нь премиум виски, шампанск, дарс эсвэл илүү өндөр зэрэглэлийн шар айраг ч байж болно.
Миний хувьд премиум хэрэглээ гэдэг нь зүгээр л илүү үнэтэй бүтээгдэхүүн худалдах тухай биш юм шиг санагддаг. Харин хэрэглэгч яагаад илүү өндөр ангиллын бүтээгдэхүүнийг сонгох ёстой вэ гэдгийг мэдрүүлэх туршлага, мэдлэг, зөв хэрэглээний нөхцөлийг бий болгох тухай юм шүү дээ.
Харин 0 градустай хатуулаггүй ундааны чиг хандлага сонирхолтой. Дэлхийн хэмжээнд, ялангуяа залуу насанд хүрсэн хэрэглэгчдийн дунд хэрэглээгээ хянах, зохистой хэмжээнд хэрэглэх хандлага эрчимтэй нэмэгдэж байна. Олон төлөвшсөн зах зээлд хатуулаггүй шингэн хүнсний өсөлт уламжлалт хатуулагтй шингэн хүнснээс ч хурдан байна.
Монголын хувьд бид энэ чиг хандлагын харьцангуй эхний шатанд явж байна гэж бодож байна. Хатуулаггүй шар айргийн зах зээл хэдийн бий болсон ч Сингапур, Европ болон бусад төлөвшсөн зах зээлтэй яг ижил хурдаар бага болон огт агуулаагүй алкохолийн чиг хандлага хөгжихгүй болов уу.
Гэхдээ залуу хэрэглэгчид дэлхийтэй улам бүр ойр холбогдож, амьдралын хэв маяг, эрүүл мэнд, өөрийн сайн сайханд илүү анхаарах болж байгаа учраас энэ чиг хандлага Монголд мөн нэвтэрнэ гэж би итгэж байна.
Бидний үүрэг бол дэлхийн чиг хандлагыг анхааралтай ажиглаж, Монголын хэрэглэгч хэзээ үүнийг хүлээн авахад бэлэн болохыг ойлгоод, Монголын онцлогт нийцсэн байдлаар зөв цагт нь нэвтрүүлэх явдал.
Хөгжиж буй зах зээлд ажиллахын бас нэг давуу тал нь энэ. Бид бусад зах зээлд юу болсныг ажиглаж, түүнээс суралцаж болох ч түүнийг шууд хуулбарлах шаардлагагүй. Монголд юу тохирохыг өөрсдөө сонгож, тэр чиг хандлага энд хэрхэн хөгжихийг хүртэл тодорхойлох боломжтой.
– Ойрын хугацаанд хэрэглэгчид болон түншүүд танай компаниас ямар хөрөнгө оруулалт, санаачилгыг хүлээж болох вэ?
Ойрын хугацаанд бидний гол зорилго бол брэндүүдээ хэрэглэгчдэд улам бүр ойртуулах явдал болоод байна. Үүний хүрээнд амталгаа, арга хэмжээ, хоолтой хослуулах туршлага, коктейлийн соёл, шинэ бүтээгдэхүүний танилцуулга зэрэг олон төрлийн санаачилгыг хэрэгжүүлнэ.
Харин түншүүдийнхээ хувьд бид бизнесийн суурь хүчин зүйлсээ улам бэхжүүлнэ. Үүнд түгээлт, бүтээгдэхүүний харагдах байдал, дэлгүүр дэх хэрэгжилт, мөн ангиллыг хамтдаа хөгжүүлэхийн тулд илүү нягт хамтран ажиллах зэрэг багтана.
Мөн RTD болон бусад шинэ төрлийн ундаа, шинээр гарч ирж буй чиг хандлагуудын боломжийг үргэлжлүүлэн судална.
Эцсийн дүндээ энэ нь Монголд зүгээр л илүү олон бүтээгдэхүүн оруулж ирэх тухай бус харин түншүүд болон хэрэглэгчдэд хүрэх бодит туршлагаар дамжуулан зах зээлийг хөгжүүлж, урт хугацааны тогтвортой өсөлтийн суурийг бий болгох болно.
– МСМ Бетастар Монголын шингэн хүнсний зах зээлийн өсөлтийн боломжийг ашиглахад ямар байр суурьтай байна вэ?
Миний бодлоор MСM энэ боломжийг ашиглахад маш сайн байр суурьтай байгаа. Учир нь бидэнд аль хэдийн бизнесийн хамгийн чухал суурь хүчин зүйлс бүрдсэн. Үүнд олон улсын хүчирхэг брэндүүдээс бүрдсэн портфолио, тогтсон түгээлтийн сүлжээ, мөн харилцагчид болон түншүүдтэйгээ бий болгосон хүчтэй харилцаа багтана.
Мөн бидний нэг том давуу тал бол олон төрлийн шингэн хүнсний ангиллыг хамарсан өргөн портфолио юм. Энэ нь хэрэглэгчийн хүсэл, хэрэгцээ өөрчлөгдөхийн хэрээр бид ч мөн түүнд хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгодог.
Миний хувьд дараагийн алхам бол эдгээр давуу тал дээрээ тулгуурлан хэрэгжүүлэлт, гүйцэтгэлээ улам сайжруулж, олон улсын брэндийн туршлагыг Монголын зах зээлийн гүнзгий ойлголттой хослуулах гэж бодож байна.
Бид Монголын шингэн хүнсний зах зээлийн өсөлтийг зүгээр л дагаж, оролцогч байхыг хүсэхгүй байна. Бид энэ өсөлтийг өөрсдөө тодорхойлж, манлайлахыг хүсэж байна.
– Түншүүдийн өнцгөөс харвал, жижиглэн худалдаа эрхлэгчид, дистрибьютерүүд, ханган нийлүүлэгчдийн хувьд MСM-ийг хамтран ажиллахад үнэ цэнтэй компани болгодог зүйл юу вэ? Мөн зах зээл дээрх бусад компаниудаас юугаараа ялгардаг гэж та хэлэх вэ?
МСM-ийг ялгаруулдаг хамгийн чухал зүйл бол бид өөрсдийгөө зүгээр нэг дистрибьютер бус, урт хугацаанд хамтдаа үнэ цэн бүтээх бизнесийн түнш гэж хардагт оршдог.
Бид хүчирхэг дэд бүтэц, зах зээлийн өргөн хүрээ, олон жилийн туршлагатай. Гэхдээ үүнээс илүү чухал нь бид түншүүдтэйгээ хамтран брэнд болон бизнесийг урт хугацаанд хөгжүүлэхэд хөрөнгө оруулдаг. Та жижиглэн худалдаа эрхлэгч, ханган нийлүүлэгч эсвэл брэнд эзэмшигчийн аль нь ч байсан, бидний гол зорилго бол таны зорилго, хэрэгцээг ойлгож, хоёуланд нь үнэ цэн бий болгож, хамтдаа өсөх боломжийг олох явдал юм шүү дээ.
Мөн бидний хувьд итгэлцэл болон ажлын үйл явц маш чухал. Бид ямар нэгэн амлалт өгсөн бол түүнийгээ заавал хэрэгжүүлдэг, найдаж болох түнш гэдгээ харилцагчдадаа мэдрүүлэхийг хүсдэг.
Эцэст нь хэлэхэд, би MСM-ийг Монголын зах зээлийг сайн ойлгодог, тогтвортой, найдвартай үр дүн гаргадаг, брэндүүдийг богино хугацааны борлуулалт бус урт хугацааны үнэ цэн дээр тулгуурлан хөгжүүлдэг түнш хэмээн хүлээн зөвшөөрөгдөөсэй гэж хүсэж байна.
– Монголд нүүж ирсэн хүний хувьд зах зээл, соёл, монгол хэрэглэгчдийн талаар танд хамгийн ихээр сонирхлыг тань юу татаж байна вэ?
Надад хамгийн их анзаарагдсан зүйл бол уламжлал, өв соёлдоо бат бөх хадгалсан хэр нь зах зээл нь маш хурдтай шинэчлэгдэж байгаа хослол нь сонирхолтой санагдаж байгаа.
Монголчууд өөрсдийн соёл, түүх, өв уламжлалаараа маш их бахархдаг. Үүний зэрэгцээ, ялангуяа Улаанбаатар хотын хэрэглэгчид олон улсын чиг хандлагатай маш ойр, шинэ брэнд, шинэ туршлагыг сонирхож, нээлттэй хүлээн авч байгааг анзаарсан.
Мөн хүмүүсийн халуун дулаан, найрсаг хандлага надад их таалагдсан. Бизнесийн орчны хувьд энд харилцаа, итгэлцэл маш чухал байр суурь эзэлдэг нь надад үнэхээр таалагддаг.
Монголд нүүж ирсэн хүний хувьд би өдөр бүр шинэ зүйл сурч байна. Гэхдээ энэ нь энд ажиллахыг улам сонирхолтой болгож байгаа юм. Монголд өөрийн гэсэн хүчтэй онцлог, үнэт зүйлс бий. Үүний зэрэгцээ шинэ санаа, шинэ боломжийг хүлээн авах нээлттэй байдал ч бас бий. Миний бодлоор энэ хоёрын хослол нь бидэнд маш олон боломжийг нээж өгч байна.
– Та одоо Монголын хэрэглэгчид, жижиглэн худалдаа эрхлэгчид болон салбарын түншүүддээ ямар мессеж хүргэхийг хүсэж байна вэ?
Миний хэлэхийг хүсэж буй хамгийн гол зүйл бол би Монголд ажиллаж байгаадаа маш их баяртай, бас энд сонсох, суралцах, хамтдаа бүтээхээр ирсэн гэдэгт учир байна.
Хэрэглэгчдийнхээ хувьд бид дэлхийн сонирхолтой брэндүүдийг, шинэ туршлага, сонголтуудыг Монголд үргэлжлүүлэн авчирч, шингэн хүнсний ертөнцийг хариуцлагатайгаар танин мэдэж, таашаах илүү олон боломжийг бий болгож чадна гэж найдаж байна.
Харин харилцагчид болон түншүүддээ би MСM-ийг итгэж болох, хамтдаа өсөж хөгжих боломжтой компани байх болно Мөн ийм байгаасай гэж хүсэж байгааг хэлмээр байна. Хамгийн сайн үр дүн бол хүчтэй, урт хугацааны түншлэлээс бий болдог гэдэгт би итгэдэг. Тиймээс зах зээлийг хамтдаа хөгжүүлэхийн төлөө түншүүдтэйгээ нягт хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна.
Монгол Улсад асар их боломж бий. Тэрхүү боломжийг дараагийн шатанд гаргах өсөлтийн нэг хэсэг нь болж байгаадаа би үнэхээр их баяртай байна.
– Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.