MSM Group
Индастриал
Хөдөө аж ахуй
Химийн бүтээгдэхүүн
Багажны онлайн дэлгүүр
Засвар & Сэлбэг
Өрөмдлөг
Тоног төхөөрөмж & түрээс
Шингэн хүнс
Бидний тухай
Блог
Онлайн дэлгүүр
Автомотив
Брэнд
Уртасгасан баталгаа
Автомашин
Ачааны автомашин
Сэлбэг & засвар
Талент
Яагаад МСМ Групп гэж?
Нээлттэй ажлын байр
Сонгон шалгаруулалт
Ажлын анкет
Мэдээ
МСМ Групп
Бидний тухай
Гүйцэтгэх удирдлагын баг
Бидний түүх
Алсын хараа
Эрхэм зорилго
Бодлого, журам
Үнэт зүйл
Санал, хүсэлт
mn
mn
MSM Group

Санал, хүсэлт

MСM Групп ХХК, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 62, Үйлдвэрлэлийн бүс 17070, ШХ-154, Улаанбаатар хот, Монгол улс

Утас: (976) 7718 1111И-мэйл: information@msmco.net

Бидний тухай

  • Алсын хараа
  • Эрхэм зорилго
  • Үнэт зүйл
  • Гүйцэтгэх удирдлагын баг
  • Бидний түүх
  • Бодлого, журам
  • Санал, хүсэлт

Бизнесийн салбарууд

  • Индастриал
  • Шингэн хүнс
  • Автомотив

Талант

  • Яагаад МСМ Групп гэж?
  • Сонгон шалгаруулалт
  • Нээлттэй ажлын байр
  • Ажлын анкет

Онлайн дэлгүүр

  • Багаж хэрэгсэл
  • Шингэн хүнс

Мэдээллийн товхимолд бүртгүүлээрэй.

Биднийг дагаарай

MSM Group
MSM Group
MSM Group
MSM Group

Аппликэйшн татах

Mobile store
Mobile store
Mobile store
Jebsen & Jessen Группийн гишүүн
Нууцлалын бодлого
Бидний тухай
Алсын харааЭрхэм зорилгоҮнэт зүйлГүйцэтгэх удирдлагын багБидний түүх Бодлого, журам
Бизнесийн салбарууд
АвтомотивИндастриалШингэн хүнс
Талант
Яагаад МСМ Групп гэж?Сонгон шалгаруулалтНээлттэй ажлын байрАжлын анкет
Онлайн дэлгүүр
Багаж хэрэгсэлШингэн хүнсАвтомотив цаг захиалга
Биднийг дагаарай
Аппликэйшн татах
Mobile store
Mobile store
Mobile store

Мэдээллийн товхимолд бүртгүүлээрэй.

Нууцлалын бодлого
Санал, хүсэлт
Jebsen & Jessen Группийн гишүүн

News

“БИД ЗӨВХӨН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОРЛУУЛДАГГҮЙ, ХАРИЛЦАГЧДЫНХАА АМЖИЛТАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛДАГ”

2026.11.02

МСМ Группийн Индастриал хариуцсан Дэд ерөнхийлөгч Андерс Берглундтай уул уурхайн салбарын өөрчлөгдөж буй нөхцөл байдал, автоматжуулалт, цахилгаанжуулалтын ирээдүй болон Монголын зах зээлийн өсөлтийн боломжийн талаар ярилцлаа. 

Тэрээр Норвег, Саудын Араб, Өмнөд Африк, Баруун Африк зэрэг олон улсын зах зээлд ажиллаж, Монголын уул уурхайн салбарын өсөлт, өөрчлөлтийг биечлэн туулсан арвин туршлагатай. Энэхүү туршлагадаа тулгуурлан тэрээр Монголын аж үйлдвэрийн зах зээлийн онцлог, тулгарч буй сорилт, цаашдын боломжуудын талаар өөрийн байр сууриа хуваалцаж, МСМ Индастриалын хөгжлийн чиглэл, харилцагчдад бодит үнэ цэн хүргэхийн ач холбогдлыг онцоллоо. 

-Таны карьер Норвеги, Саудын Арабаас эхлээд Баруун Африк хүртэлх уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хамарчээ. Та Монголд Atlas Copco, дараа нь Epiroc компанийг удирдаж байсан бөгөөд одоо MСM Группт ажиллаж байна. Монголд ирэхэд тань юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?  Мөн Монголд удаан хугацаанд ажиллаж, амьдрахад юу нөлөөлөв? 

-Би 2009–2010 онд Atlas Copco компанийн газар доорх уурхайн борлуулалтын дараах үйлчилгээний чиглэлээр бүс нутаг хариуцан ажиллаж байсан. Тухайн үед Монголын төсөлтэй холбоотой техник, эдийн засгийн үндэслэл болон бүтээгдэхүүний санал боловсруулах ажилд оролцож байсан юм. Тэр үед Канадын Рио Тинто компанийн блоклон олборлох төслийн багтай уулзахаар Монголд ирж байлаа. Харин тэр үед Atlas Copco Mongolia нь Atlas Copco Central Asia-ийн удирдлага дор үйл ажиллагаа явуулж байв. 

2011 онд Өмнөд Африкт хамт ажиллаж байсан Төв Азийг хариуцсан ерөнхий менежер маань надтай холбогдож, Atlas Copco Mongolia-ийн суурин төлөөлөгчийн газрын менежерийн албан тушаалд ажиллах сонирхолтой эсэхийг асуусан. Тэгээд гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцсаны дараа бид шийдвэрт хүрч, би 2012 оны эхээр Монголд нүүж ирсэн. Гэхдээ тэр үед Мароккод осолд орж, өвдөгний хагалгаанд орох болов. Нүүх хугацаа маань хэдэн долоо хоногоор хойшлов. Ингээд л би хоёрдугаар сарын сүүлээр таягтайгаа Монголд ирж байлаа. 

2009–2012 он бол Монголын уул уурхайн салбарын анхны томоохон өсөлтийн үе байсан гэж хэлж болно. Оюу Толгой, Бороо Гоулд, SGS, МАК зэрэг компаниудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байлаа. Гэвч 2013 онд Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр зогсонги байдалд орсноор энэ өсөлт үндсэндээ дууссан. 

Тэр үед бид компаниа авч үлдэхийн тулд бүтэц, зохион байгуулалтаа эрс өөрчлөх шаардлагатай боллоо. Гэхдээ нөгөө талаас ирээдүйн өсөлтийн суурийг бий болгох боломж ч гарч ирсэн юм. Манай компани Монголд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан тул бид орчин үеийн ERP систем нэвтрүүлж, Atlas Copco Sweden-тэй хамтран Шведийн уурхайн ажилтнуудтай туршлага солилцох хөтөлбөрөөр гол техникчдээ сургаж, ISO стандартын гэрчилгээжүүлэлд зэрэг олон ажлыг хэрэгжүүлсэн. 

2015 оны сүүлээс 2016 оны эхэн үеэс уул уурхайн салбарын өсөлт дахин эхлэхэд манай байгууллага аль хэдийн бэлтгэгдсэн байлаа. Бид чанарын бат бөх тогтолцоо, чадварлаг баг, зөв зохион байгуулалтыг бүрдүүлж чадсан учраас өсөлтийг дагаад хөгжихөд илүү бэлэн болсон юм. 

Би Atlas Copco болон Epiroc Mongolia-д нийт найман жил ажилласан. Корпорацын ертөнцөд энэ нь харьцангуй онцгой тохиолдол л доо. Учир нь нэг албан тушаалд дээд тал нь таван жил ажиллах боломжтой байдаг юм. 

Харин намайг удаан хугацаанд үлдэхэд нөлөөлсөн гол зүйл бол залуу, суралцах хүсэл эрмэлзэлтэй баг байсан. Өдөр бүр шинэ сорилт тулгардаг байсан ч хамгийн чухал нь би ажлаа өгөх үедээ ч цаашид тогтвортой өсөж, хөгжих чадвартай, бат бөх байгууллагыг бий болгож үлдээхийг хүссэн. 

2019 онд дараагийн алхмаа хийх цаг болсон гэж үзээд Epiroc-ийн Баруун Африк дахь үйл ажиллагааг хариуцах санал хүлээн авсан. Энэ нь өмнөхөөсөө тэс өөр, цоо шинэ сорилт байсан. 

-Та Монголын аж үйлдвэрийн салбарт арав гаруй жил ажиллаж, зах зээлийн хөгжлийг дотроос нь харж ирсэн хүний нэг. Энэ хугацаанд Монголын уул уурхайн зах зээл хэрхэн өөрчлөгдсөн бэ? Харин өнөөг хүртэл хэвээр үлдсэн зүйл юу байна вэ? 

-Юуны түрүүнд өөрчлөгдсөн зүйл гэвэл, уул уурхайн салбарын харилцагчдыг ерөнхийд нь дөрвөн ангилалд хувааж болно. 

Нэгдүгээрт, Рио Тинто буюу Оюу Толгой зэрэг олон улсын томоохон уул уурхайн компаниуд. 

Арван жилийн өмнө эдгээр компанийн хувьд төслийг ямар ч үнээр хамаагүй дуусгах нь гол зорилго байлаа. Харин өнөөдөр уурхайн үйл ажиллагаанд шилжиж, бүтээмж болон олборлосон нэг тонн бүтээгдэхүүнд ногдох зардалд илүү их анхаарал хандуулдаг болсон. Мөн зарцуулж буй доллар бүрийг нарийн үнэлж, бодит үр өгөөжийг нь тооцдог болсон. 

Тиймээс цаашид эдгээр компанитай хамтран ажиллахыг хүсэж буй нийлүүлэгчид уурхайн үйл ажиллагаанд бодит үнэ цэн, үр өгөөж нэмэх шаардлагатай. Мэдээж аюулгүй байдал үргэлж нэн тэргүүний асуудал хэвээр бөгөөд удирдлагын гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдийн томоохон хэсгийг эзэлсээр байна. 

Хоёрдугаарт, МАК, СГТ, Хан Алтай зэрэг дотоодын томоохон уул уурхайн компаниуд. 

Эдгээр компани аажмаар илүү орчин үеийн арга барилд шилжиж, тоног төхөөрөмжийн нийт эзэмшлийн өртөг буюу TCO болон нэг тонн бүтээгдэхүүнд ногдох зардлыг тооцож ажиллах хандлагатай болж байна. 

Энд бидний хувьд харилцагчдад орчин үеийн сэтгэлгээ, арга барилыг нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, уурхайн үйл ажиллагаанд нь бодит үнэ цэн нэмэх томоохон боломж бий болгож байна. 

Худалдан авалтын үйл явц дахь ашиг сонирхлын зөрчил, авлигын эрсдэл зэрэг тодорхой сорилтууд байсаар байгаа ч энэ байдал аажмаар багасаж байна. Мөн эдгээр уурхайн үйл ажиллагаанд бага ашиг хүртэх нөхцөлөөр ажилладаг олон туслан гүйцэтгэгч оролцдог учраас бид эрсдэлийг сайтар үнэлж, болгоомжтой хандах шаардлагатай болсон. 

Гуравдугаарт, дотоодын жижиг уул уурхайн компаниуд. 

Эдгээр компанийн хувьд худалдан авах үнэ болон мөнгөн урсгал хамгийн чухал байдаг. Харин тоног төхөөрөмжийн нийт эзэмшлийн өртөг, бүтээмжийн гол үзүүлэлтүүдийн талаар ойлголт харьцангуй бага хэвээр байна. 

Тиймээс энэ ангиллын харилцагчидтай ажиллахад санхүүгийн болон бизнесийн эрсдэл өндөр байдаг. 

Дөрөвдүгээрт, төрийн өмчит компаниуд. 

Энэ ангиллын компаниудын хувьд илүү мэргэжлийн түвшинд, үр ашигт суурилсан үйл ажиллагааны арга барил руу шилжих бодит өөрчлөлт одоогоор төдийлөн ажиглагдахгүй байна. 

Ялангуяа нэгдүгээр болон хоёрдугаар ангиллын харилцагчдын хувьд дараах өөрчлөлтүүд ажиглагдаж байна. 

  • Эрчим хүчний хэрэглээнд илүү их анхаарах болсон. Уламжлалт түлшинд суурилсан эрчим хүчнээс цахилгаан болон батарейгаар ажилладаг шийдэл рүү аажмаар шилжиж байна. 

  • Үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх шийдлүүдийн эрэлт өсөж байна. Тухайлбал, программ хангамж болон автоматжуулалтын шийдлүүдийг илүү сонирхох болсон. 

  • Техникчдэд тавигдах шаардлага нэмэгдэж байна. Программ хангамж болон дижитал бүтээгдэхүүний талаар илүү өргөн мэдлэг, ур чадвартай байх шаардлагатай болж байна. 

  • Нийлүүлэгчдээс илүү их үнэ цэн, үр өгөөж шаардах болсон. Зөв бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж сонгох, үйл ажиллагааны асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгч, харилцагчдын үйл ажиллагааг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах шаардлагатай болсон. 

Харин барилгын салбарт одоогоор томоохон өөрчлөлт ажиглагдаагүй. Тус салбарын компаниуд төслийн хэрэгжилт болон мөнгөн урсгалд голчлон анхаарсан хэвээр байна. 

 -Та тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн болон дистрибьютерийн аль алиных нь талд ажиллаж байсан туршлагатай. Энэ хоёр талын туршлага тань MСМ Индастриалыг удирдах арга барилд тань хэрхэн нөлөөлж байна вэ? Та тус салбарын үйл ажиллагаанд юуг шинээр бий болгох, юуг улам сайжруулахад анхаарч байна вэ? 

-Тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компанийн хувьд харилцагчийн хэрэгцээ, тоног төхөөрөмжийг ашиглаж буй орчин, үйл ажиллагааны онцлогийг гүнзгий ойлгох, тэдний ажлыг сайжруулах шинэ шийдэл, инновацыг хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг.  

Харилцагчийн үйл ажиллагаанд бодит үнэ цэн нэмэхийн тулд юу хийдэг, ямар асуудалтай тулгардагийг нь бүрэн ойлгох шаардлагатай. Миний хувьд мэдлэг, харилцагч төвтэй байдал, чанар, инновац болон ашигтай өсөлт гэсэн таван чиглэл хамгийн чухал. 

Эдгээр нь цоо шинэ, эрс өөрчлөлт хийх тухай биш л дээ. Харин МСМ Индастриалын үйл ажиллагааг сайжруулахдаа баримталж буй үндсэн чиглэлүүд юм.  

Бид техникийн мэдлэгээ төдийгүй харилцагчдын үйл ажиллагааны талаарх ойлголтоо нэмж чадвал тэдний үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгоход бодитой хувь нэмэр оруулж чадна. 

Мөн харилцагч төвтэй байдлаа улам бэхжүүлэх хэрэгтэй. Эцсийн дүндээ бидний оршин тогтнох шалтгаан бол харилцагчид юм. Үүнээс гадна чанар маш чухал. Үйл ажиллагаандаа чанарыг эрхэмлэснээр алдаа, зөрчлийг бууруулж чадна. 

Харин ашигтай өсөлтийн тухайд зөвхөн борлуулалт, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх нь хангалтгүй. Жишээлбэл, үйлчилгээний үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа ч ашиггүй ажиллаж байвал энэ нь утга учиргүй. Борлуулалтын дараах үйлчилгээ нь зардал гаргадаг төв биш харин ашиг бий болгодог бизнесийн нэгж байх ёстой гэж би үздэг. 

 -Та Монголтой харьцуулахад уул уурхай, аж үйлдвэрийн өөр өөр зах зээлүүдэд ажиллаж байсан туршлагатай. Монголын зах зээл тэдгээртэй харьцуулахад ямар онцлогтой вэ? Монголд ажиллахад юу хамгийн их сорилт болдог вэ? Мөн ямар боломжууд байна вэ? 

-Энэ асуултад дэлгэрэнгүй хариулахын тулд хэдэн хуудас бичих хэрэгтэй болно. Гэхдээ товчхондоо, Монгол Улс бол ардчилсан тогтолцоо нь харьцангуй залуу, цөөн хүн амтай ч томоохон хэмжээний уул уурхайн үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэхэд хурдан дасан зохицож буй улс юм. 

Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын дүрэм, журам, зохицуулалтын тодорхой бус байдал нь бизнес эрхлэхэд сорилт болдог. Эдгээр хүчин зүйлсийн хослол нь Монголын зах зээлийг нэг талаас сорилттой, нөгөө талаас ихээхэн боломжтой болгож байна. 

-Өнөөдөр Монголын аж үйлдвэрийн салбарт уул уурхай, барилга, эрчим хүч, дэд бүтцийн аль чиглэлд хамгийн том өсөлтийн боломж байна гэж та харж байна вэ? 

-Миний бодлоор, хамгийн том боломж уул уурхайн салбарт, ялангуяа төрийн оролцоогүй, хувийн хэвшлийн болон олон улсын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд байна. Харин улс төрийн шийдвэр гаргагчид улс орны эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг гаргаж, нэгдсэн ойлголтод хүрч чадвал эрчим хүч болон дэд бүтцийн салбарт ч асар их боломж бий.  

Гэхдээ ойрын хэдэн жилийн хугацаанд өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхайн салбар хэвээр байх болов уу гэж анзаарагдаж байна. 

-Байгалийн нөөцийн хомсдол болон бүс нутгийн геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй нийлүүлэлтийн тасалдал, хүндрэлүүд Монголын аж үйлдвэрийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ? 

-Манай бизнесийн ихэнх хэсэг нь байгууллага хоорондын буюу B2B чиглэлтэй учраас одоогоор томоохон нөлөө ажиглагдаагүй байна. 

Харин түлшний нийлүүлэлттэй холбоотой нөхцөл байдлаас шалтгаалан цахилгаан болон батарейгаар ажилладаг тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний сонголтуудын талаар илүү их мэдээлэл авах, судлах сонирхол нэмэгдэж байна. 

-Дэлхийн хэмжээнд аж үйлдвэрийн салбар автоматжуулалт, цахилгаанжуулалт болон тоног төхөөрөмжийн дижитал хяналтын чиглэлд эрчимтэй шилжиж байна. Эдгээр чиг хандлага Монголын зах зээлд хэрхэн илэрч байна вэ? Мөн та сүүлийн үеийн ямар инновац, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг Монголын зах зээлд нэвтрүүлэхэд юунд түлхүү анхаарч байна вэ? 

-Монголын зах зээлд ч дэлхий дахинд ажиглагдаж буй эдгээр чиг хандлага ижил байдлаар илэрч байна. Гэхдээ уул уурхайн салбарын үйл ажиллагаатай холбоотой эрсдэл өндөр учраас энэ салбар шинэ технологи нэвтрүүлэхдээ харьцангуй болгоомжтой, уламжлалт арга барилаа хадгалах хандлагатай байдгийг анхаарах хэрэгтэй. 

Жишээлбэл, Оюу Толгойн далд уурхайн үйл ажиллагаанд ашиглагдаж буй манай road train буюу олон чиргүүлт тээврийн системүүд бүрэн автомат удирдлагатай ажиллах боломжтойгоор бэлтгэгдсэн.  

Гэхдээ Оюу Толгой уурхайн гүнд ойрын таван жилд үргэлжлэх барилга угсралтын ажил ихтэй байгаа учраас одоогоор бүрэн автомат ажиллагаанд шилжихэд хараахан бэлэн биш байна. 

Бидний судалж буй өөр нэг чиглэл бол цахилгаан ачааны машинаар логистик, тээврийн үйл ажиллагаа явуулах боломж юм. Үүнд зэс болон нүүрсний тээвэр төдийгүй хил хүртэлх чиглэлд бие даан ажиллах цахилгаан ачааны машин ашиглах боломж ч багтаж байгаа. 

Эдгээр шийдэл одоогоор концепц, судалгааны шатандаа байгаа ч харилцагчид маань энэ чиглэлээр мэдээлэл авч, боломжуудыг судлах сонирхолтой байна. 

-Тоног төхөөрөмж улам бүр дэвшилтэт, нарийн технологитой болж буй энэ үед Монголын дараагийн үеийн техникч, инженерүүдийг хэрхэн бэлтгэж, хөгжүүлж байна вэ? 

-Таны мэдэж байгаачлан, бид энэ жил өөрсдийн Техникийн академийг байгуулж, мөн GIZ байгууллагатай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Үүнээс гадна жил бүр 20 оюутан хамруулдаг дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. 

Ирэх жилээс бид борлуулалтын инженерүүдийнхээ бүтээгдэхүүн болон хэрэглээний талаарх мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд мөн түлхүү анхаарна. 

Гэхдээ хүний хөгжлийн тухайд нэг зүйлийг санах хэрэгтэй. Хүн өөрөө хөгжиж, суралцах хүсэл эрмэлзэлтэй байх нь хамгийн чухал. Хэрэв та илүү ихийг сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх хүсэлгүй бол энэ нь ажил дээр ч анзаарагддаг.  

Компани ажилтнаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж болох ч эцсийн дүндээ өөрийгөө хөгжүүлэх хүсэл, санаачилга тухайн хүнээс өөрөөс нь эхлэх ёстой. 

-Аж үйлдвэрийн салбарт тоног төхөөрөмж борлуулах нь ажлын зөвхөн эхлэл байдаг. Харин хамгийн чухал нь тухайн тоног төхөөрөмжийг тасралтгүй, найдвартай ажиллуулах байдаг шүү дээ. Монголын эрс тэс уур амьсгал, алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулж буй харилцагчдаа найдвартай дэмжихийн тулд сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ болон хүний нөөцийн хувьд ямар бэлтгэл, чадавх шаардлагатай вэ? 

-Миний хувьд энэ их энгийн зүйл. Тоног төхөөрөмж нь найдвартай, тасралтгүй ажиллаж байж харилцагч ашиг орлогоо олно. Харин бидний хувьд харилцагчид MSM-ээс авч буй үйлчилгээ, дэмжлэгийн үнэ цэнийг мэдэрч, итгэлтэй байх нь чухал. 

Үүний тулд бид хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, ажлаараа бахархдаг байх хэрэгтэй гэж боддог.  

Миний хувьд үүнийг гурван үгээр илэрхийлнэ: Хүмүүс, Хүсэл тэмүүлэл, Бахархал. 

-Та уул уурхайн салбарт аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг чухалчилдгаараа алдартай Швед улсаас гаралтай. Эдгээр үнэт зүйл МСМ Индастриалын харилцагчидтайгаа хамтран ажиллах арга барилд хэр чухал байр суурь эзэлдэг вэ? 

Тийм ээ, Швед улс аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ихээхэн анхаардаг нь үнэн. Гэхдээ нэг зүйлийг бас санах хэрэгтэй. Швед улс томоохон хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа эрхэлснээрээ 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд энэ хугацаанд аюулгүй байдал, тогтвортой хөгжилтэй холбоотой дүрэм журам, зохицуулалтууд нь үе шаттайгаар хөгжиж ирсэн. 

Харин Монгол Улс энэ замналынхаа эхний үе шатанд явж байна. Ялангуяа дотоодын уурхайнууд тогтвортой уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх тал дээр цаашид хийх ажил их байна. 

Тиймээс Монголын уул уурхайн салбарын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг сайжруулахын тулд зөвхөн дүрэм журам батлах бус, тэдгээрийг өдөр тутмын үйл ажиллагаанд бодитоор хэрэгжүүлэх нь чухал гэж боддог. 

-MСM саяхан Ханбогд дахь салбараа нээснээр Өмнөговь зэрэг бүс нутгийн харилцагчдадаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний дэмжлэгийг илүү ойроос хүргэх боломж бүрдсэн. Цаашид МСМ Индастриалаас ямар хөрөнгө оруулалт, шинэ санаачилга хүлээж болох вэ? 

Одоогийн байдлаар бидний нэн тэргүүний зорилт бол Ханбогд дахь салбараа бүс нутгийн MСМ-ийн бүрэн хүчин чадлаар ажиллах төв болгон хөгжүүлэх юм. 

Цаашдын төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар дахь Индастриал болон ачааны автомашины засварын төвүүдээ илүү тохиромжтой байршилд шилжүүлэх боломжийг судлах техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлээд байна. 

Мөн Дархан дахь Автомотив болон Хөдөө аж ахуйн чиглэлийн салбаруудаа цаашид хөгжүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд анхаарна. 

-Уул уурхайн компаниуд, туслан гүйцэтгэгчид болон олон улсын брэндүүдийн хувьд MСМ Индастриалыг сонгон хамтран ажиллах гол шалтгаан юу вэ? Зах зээл дэх бусад компаниудаас та бүхнийг юугаараа ялгардаг гэж боддог вэ? 

-Миний бодлоор биднийг ялгаруулдаг нэг онцлог бол бүтээгдэхүүн, брэндийн өргөн сонголт юм. Бид зөвхөн нэг брэндээр хязгаарлагддаггүй учраас харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн уул уурхай болон барилгын төслүүдэд зориулсан цогц шийдэл санал болгож чаддаг. 

Үүнд тохирох тоног төхөөрөмжийг сонгохоос эхлээд засвар үйлчилгээний санал боловсруулах, сэлбэг хэрэгслээр хангах, түрээс эсвэл худалдан авалтын хувилбар санал болгох, санхүүжилтийн шийдэл боловсруулах зэрэг багтана. Мөн харилцагчдынхаа бизнес төлөвлөгөө болон хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцоолол (ROI) хийхэд нь дэмжлэг үзүүлэх боломжтой. 

Бид энэ салбарт бараг 30 жил ажилласан туршлагатай учраас салбараа сайн мэднэ. Харилцагчдадаа амласан зүйлээ биелүүлэхийн төлөө бүх хүчээ дайчилж, борлуулсан бүтээгдэхүүн, шийдлийнхээ ард үргэлж бат зогсдог. 

Үүний зэрэгцээ бидний бизнесийн үйл ажиллагааг чиглүүлдэг компанийн үнэт зүйлс бий. Эдгээр үнэт зүйлс нь бидний гаргадаг шийдвэр, харилцагчидтайгаа харилцах харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь болдог. 

-Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа. 

ШИНЭ МЭДЭЭ
МСМ Групп ЕСБХБ-ны “Entrepreneurship and Private Enterprise Champion” шагналыг хүртлээ
2026-09-16
ТЕНДЕРИЙН УРИЛГА
2026-09-18
“БИД ЗӨВХӨН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОРЛУУЛДАГГҮЙ, ХАРИЛЦАГЧДЫНХАА АМЖИЛТАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛДАГ”
2026-11-02