News

МСМ Групп Монголын Пара Усан Спортын Үндэсний Холбоотой хамтран ажиллаж, тамирчин Ө.Мөнхтөрийг дэмжин ажиллаж байна

2026.04.20

МСМ Групп нь нийгмийн хариуцлага, олон талт байдал, хүртээмжийг дэмжих зорилгын хүрээнд Монголын Пара Усан Спортын Үндэсний Холбоотой хамтран ажиллахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд МСМ Групп харааны бэрхшээлтэй тамирчин Ө.Мөнхтөрийн Герман улсын Берлин хотод зохион байгуулагдах 2026 оны Пара усан спортын Дэлхийн цуврал тэмцээнд оролцох оролцоог дэмжин ажиллах юм.

Пара усан спортын Дэлхийн цуврал, Азийн наадам, Дэлхийн аварга зэрэг томоохон тэмцээнүүдэд оролцох нь тамирчдын ур чадварыг хөгжүүлэхээс гадна Паралимпын наадамд оролцох эрх авахад чухал ач холбогдолтой байдаг.

Ө.Мөнхтөр нь усан спортоос гадна марафон гүйлт, шатрын төрлөөр идэвхтэй хичээллэж, дотоодын болон олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцдог олон талын авьяастай тамирчин юм. Түүний энэхүү тууштай байдал, хичээл зүтгэл нь пара спортын үнэт зүйлсийг илэрхийлж, олон хүнд урам зориг өгч байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь Ө.Мөнхтөр болон бусад тамирчдад олон улсын өндөр түвшний тэмцээнд оролцох боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсад пара спортын талаарх ойлголт, мэдлэгийг түгээхэд чиглэж байна. Мөн энэхүү хамтын ажиллагаа нь хүн бүр өөрийн боломжоо бүрэн дүүрэн ашиглах тэгш орчиныг бүрдүүлэхэд чиглэсэн компанийн зорилтыг илэрхийлж байна.

МСМ Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон талт байдал, хүртээмжийг дэмжсэн санаачилгуудыг хэрэгжүүлж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх үйл ажиллагааг цаашид ч тууштай үргэлжлүүлэх болно.

MSM News
ШИНЭ МЭДЭЭ