Берта Бенц – Цуцашгүй Мөрөөдөгч

 Берта Бенц машиныг зохион бүтээхэд тусалж, нөхрийнхөө хамт ертөнцийг өөрчилж чаджээ.

"Харамсалтай нь дахиад л охин байсан". Эдгээр үгс Цецилие Берта Рингерийг анх 10 настайдаа уншсанаас хойш олон жилийн турш түүнтэй хамт хадгалагдан үлджээ. Тэрээр Германы Пфорцхайм дахь эцэг эхийнхээ гэрт Библи уншин сууж байхдаа түүний эцэг эх нь чухал үйл явдлуудаа тэмдэглэдэг байсан Библийн арын хуудсанд 1849 оны 5-р сарын 3-ны өдөр Берта мэндэлсэн тухай бичсэн эдгээр гашуун үгсийг уншжээ. Тэр үед тэдний гэр бүлд Эмили Август Луиза, Элиз Матильда нэртэй хоёр охин төрсөн байсан боловч тэднийх өв залгамжлах хүүгүй байлаа. Түүний эцгийн барилгын бизнесийг хэн хариуцан ажиллах вэ? Гэр бүлийг нь цаашид хэн халамжлах вэ?

Энэ хандлага нь тухайн цаг үеийн хэв шинж байсан боловч Берта Бенцэд маш гүнзгий нөлөөлжээ. Хожим нь түүний найз Элизабет Триппмахер Берта энэ үгийг үргэлж санадаг байсан гэж хэлсэн бөгөөд “тэр эдгээр үгсийн тухай бодох бүрдээ охид ч гэсэн ер бусын зүйлийг бүтээж, агуу их амжилтад хүрч чадна гэдгийг харуулахын тулд ямар нэгэн зүйл хийдэг байсан” гэжээ. Берта Бенцийн намтар судлаач Барбара Лейснер залуу Берта Рингерийг санаачилгатай, сониуч, сэргэлэн цовоо, техникийн шинэ ололт амжилтад маш их дуртай хүн гэж тодорхойлжээ.

1869 оны 6-р сарын 27-ны өдөр Бертаг 24 настай байхад инженер Карл Бенц түүнтэй танилцжээ. Тэд “Eintracht” олон нийтийн клубээс зохион байгуулсан аяллаар явсан бөгөөд, Карл түүнийг анхааралтай сонсогч бөгөөд эвлэгхэн яриа хөөрөөтэй, гайхалтай боловсролтой эмэгтэй болохыг таньж мэджээ. "Берта Рингер хэмээх Пфорцхаймын энэ сэргэлэн цовоо залуу эмэгтэй тэр үеэс эхлэн миний санаа бодол, үзэл сонирхлыг хамтдаа тодорхойлогч, зөвлөгч болсон юм" гэж 80 настай  бенц намтартаа дурсан бичжээ. Берта түүний "хоёр дахь хөдөлгөгч хүч нь болж, түүний бүтээлч ажил, саад тотгорыг даван туулах хүчин чармайлтад байнга шинэ эрч хүчийг өгөгч тулгаар нь болсон юм. Бертагийн тууштай байдал, авьяас чадвар нь Карлд хөдөлгүүрээр ажилладаг морины оролцоогүй сүйх тэрэг бүтээх гэсэн алсын хараагаа хэрэгжүүлэхэд нь эцсийн дүнд маш том туслалцаа дэмжлэг болжээ.

Бертагийн хувьд сүйт залуугийнхаа шинэ санаанд маш их итгэж байсан учраас түүний компанид хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор 4,244 гильдрийн инж өгөхийг эцэг эхээсээ хүсжээ. Тун удалгүй, Карл Бенцэд санхүүгийн бэрхшээл тулгарлаа: хувьцаа эзэмшигч Август Риттерийн хамт Бенц аж үйлдвэрийн хот болох Маннхаймд газар худалдан авчээ. Тэрээр механик засварын газар нээж, анхныхаа захиалга дээр аль хэдийнээ ажиллаж эхэлжээ. Гэвч Риттертэй маргалдсаныхаа дараа зээлийн өндөр хүү төлөх болсон залуу хос түншийнхээ хувьцааг аль болох богино хугацаанд худалдаж авах нь зүйтэй гэж үзжээ. Ингэхийн тулд, Карлд Бертагийн мөнгө хэрэгтэй байв. Берта Карлд хайртай байсан хэдий ч инж нь өөрийнх нь өмч хэвээр үлдэх тухай нухацтай гэрлэлтийн гэрээг байгуулжээ. 1872 оны 7-р сарын 20-ны өдөр Карл болон Берта Бенц нар Пфорцхайм дахь Шлосскирхэ сүмд гэрлэв.


Эрч хүчээр дүүрэн эхнэрээсээ энэ мөнгө болон урам зоригийг аваагүй бол залуу зохион бүтээгч аль хэдийн бууж өгч, өөр газар ажил хайх байсан. Эцэст нь, Европ үнэт цаасны зах зээлийн хямралд нэрвэгдэж, 1873 онд Германы эдийн засагт сэтгэл түгшээсэн нөлөө үзүүлж байв. Карл Бенцэд олон салбарт ашиглах зориулалттай техник хэрэгсэл үйлдвэрлэх янз янзын санаа байсан боловч захиалгууд авч чадахгүй байлаа. 1877 оны 7-р сард Берта гурав дахь хүүхдээ тээж байх үед шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид механикийн цехийг нь хураан авч, Карл Бенц ажлаа үргэлжлүүлэхийн тулд улам их хэмжээний өр тавьж байв. Гэсэн хэдий ч Берта Бенц автомашиныхаа алсын хараанд итгэсээр ирсэн бөгөөд энэ нь тэдний хамтын мөрөөдөл болжээ. "Бид үргэлж л түүний төлөвлөгөөний талаар ярьдаг байсан" гэж Берта хожим нь дурссан бөгөөд "тиймээс л би бүх технологийг сайн мэддэг болсон" гэж хэлсэн байдаг. Түүний намтар судлаач Лейснерийн хэлснээр Берта машин үйлдвэрлэлийн техникийн хөгжилд хувь нэмрээ оруулж, нөхрийнхөө төлөвлөгөөг ойлгон, өөрийн санаа бодлыг ч мөн дэвшүүлж чаджээ.

Олон жилийн дараа ажилтнууд нь Берта Бенцийг үйлдвэрийн менежерүүдэд ихэвчлэн өгдөг “Мастер” хэмээх цол гуншингаар дуудах болжээ. Гэвч тухайн үед Карл Бенц ажилтан авч ажиллуулах ч боломжгүй байсан бөгөөд тэрээр эхлээд олон жилийн турш хөгжүүлж буй хоёр явалттай хөдөлгүүрээ ажилладаг болгох ёстой байлаа. 1879 оны Шинэ жилийн өмнөх өдөр олон жилийн хөдөлмөр нь бэлэн болсон байв. "Бид дахин нэг удаа цех рүүгээ очиж азаа үзэх хэрэгтэй" гэж Берта Бенц урам зоригтойгоор нөхөртөө хэлжээ. Хожим нь дурсахдаа: “Тэгээд бид хөдөлгүүрийг хараад, энэ зүйл бол гайхалтай, бараг л тайлагдашгүй оньсого мэт санагдав. Бидний зүрх хүчтэй цохилж байлаа. Би хөдөлгүүрийг асаав. Машин амь орон ажиллаж эхэллээ. Ирээдүйн тухай хөдөлгүүрийн энэ дуу чимээний өнгө хэмнэлүүд бие биетэйгээ хослон тун сайхан сонсогдож байсан. Сэтгэл маш их хөдөлсөн тул бид нэгэн хэвийн энэ дууг цаг гаруй сонссон байв” гэжээ.


”Маннхаймийн бизнес эрхлэгчид шинэхэн автомашиныг ихэд сонирхсон хэдий ч хэн ч ийм үнэтэй, батлагдаагүй зүйлд мөнгө зарцуулахыг хүссэнгүй. Дахин бизнесийн хоёр түнштэйгээ маргалдах үед Берта нөхрийнхөө талд мөн л бат зогсжээ. “Амьдралын жижиг хөлөг онгоц минь живэх гэж байгаа мэт санагдсан үед ганцхан хүн л надтай хамт үлдсэн. Энэ бол миний эхнэр байсан” гэж Карл Бенц хэлжээ. “Амьдралын шуурганд тэр сэтгэлээр унасангүй. Тэрээр зоригтой, хүсэл эрмэлзэлтэйгээр итгэл найдварын шинэ далбааг мандуулж чадсан. Хэрэв тэр байгаагүй бол юу тохиолдох байсныг хэн мэдэх билээ”.

Түүнийг олон бэрхшээлтэй тулгарч байсныг эргээд харахад, Карл Бенц хийж байгаа зүйлээ зөв эсэхэд олон удаа эргэлзэж байсан байх. Харин Берта Бенц эсрэгээрээ “Ажилла, бүү цөхөр” гэсэн уриатай амьдардаг байв. Түүний энэ л хандлага үр дүнгээ өгсөн юм. 1886 оны 1-р сарын 29-нд Карл Бенц " бенцин хөдөлгүүрээр ажилладаг" моторт автомашиныхаа патент авах хүсэлтээ өгжээ. Энэ шинэ хөгжүүлэлтдээ олон нийтийн анхаарлыг татахын тулд 1888 оны 8-р сард Берта болон түүний хөвгүүд патентлагдсан моторт автомашинаар анхны холын аялалдаа гарсан юм. Хамгийн анх үүнийг сонирхож байгаагаа илэрхийлсэн хүмүүсийн нэг нь Унгараас ирсэн багш эмэгтэй байлаа. "Харамсалтай нь түүний санхүүгийн боломж нь хүсэл зорилгоо биелүүлэхэд тийм ч хангалттай байсангүй” гэж инженер бичжээ. “Гэсэн хэдий ч урам зоригтой эмэгтэйчүүд үргэлж ямар нэгэн арга замыг хайж олдог бөгөөд тэрээр хамт ажиллагсдынхаа дундаас хэн нэгэнд бэлэн байгаа бүх мөнгөө машины төлөө зориулах урам зориг хайрлаж чадсан” гэжээ. Берта Бенц энэ эмэгтэйн талаар юу бодож байсныг бид мэдэхгүй ч түүгээр хэчнээн их бахархаж байсныг төсөөлж чадна.